Нисэж байна гэж зүүдлэх

Undrakh Roselle
4 min readApr 10, 2021

--

Анхаар! Шал ондоо сэдэв

Миний зүүд их содон. Өөр нэгэн би энэ дэлхийд зэрэгцээд амьдраад байдаг юм шиг л тийм зүүд зүүдэлдэг. Би зүүдэндээ их сониуч, хүндэтгэлтэй ханддаг, бас аливааг зөгнөөд байдагт нь ч итгэдэг. Хүүхэд нас, өсвөр насандаа нисэж зүүдэлдэг байсан. Эхлээд гэртээ байхдаа хөл газраас хөндийрнө, сэтгэл баясна, бас айж, тэгсэн хэрнээ их л догдолно. Тааз руу толгой хүрэхэд мэдрэмжээ шалгадаг ч хэзээ ч сэрэхгүй. Гэхдээ цонхоорооо гараад яг шувуу шиг л салхи зүсээд эрчийг аван нисдэг… Эргэлдэнэ, мэдэхгүй ээ яг сум шиг, хамаг чангаараа хашгирна, баясан хөөрнө, биенээс хамаг адреналин ялгарна. Энэ мэдрэмжийг энэ яваа насандаа хэзээ ч мэдрэхгүй, харин зүүднийхээ ачаар олон удаа мэдэрдэг байлаа. Гэвч, сүүлийн 10-аад жил огт нисээгүй. Мэдээж зүүдэндээ. Тэр мэдрэмжийг маш их үгүйлдэг байлаа. Астрал аялал гэж группийг олж нэгдээд, бусдын элий гэж боддог постыг үнэн дээ гэж бодож уншдаг байлаа. Харин яг уржигдар би дахин нислээ. Анх удаа энэ олон жилийн дараа. Өглөө босоход би их маш баяртай, сэтгэл догдолсон, ниссэн үйл явдлаа яг л кино шиг секунд секундээр нь мөшгин тархиндаа хадгалж эхэллээ. Хэрэв та нар мэдэх бол зүүд өглөө сэрэхэд хурдан мартагддаг. Тиймээс би мартахгүйн тулд кассет шиг бүгдийг эргүүлж уншуулдаг. Тэгээд бүх кадрыг зурагжуулна, нэхэн, мөшгин, эргэн санана…

By Sally Nixon

Өмнө нисэхдээ би гараа далавч болгож ашигладаг байсан. Гараа хүчтэй дэвэх тусам чи дээш хөөрнө бас толгойгоо хүчтэй урагш болгох тусам хурдтай ниснэ. Машинаар бол хүний толгой жолооны хүрд, гарын хөдөлгөөн мотор нь юм уу даа. Гараа хөдөлгөхгүй бол тэгээд л машин явдаггүйтэй адил чи нисэхгүй.

Энэ удаа би хэзээ ниссэн бэ гэвэл 2021.04.08–9 нд шилжих шөнө. Би нөгөө би гэж мэдэрдэг бие маань Монголоос өөр улсад нисэж байна. Сэтгэл нь маш жаргалтай бас цэнгэлтэй, бүх мөчийг enjoy хийж буй би эсвэл тэр. Тэгээд энэ удаа нисэхдээ толгойны үүрэг хэвэндээ ч хөлөөрөө нислээ. Ингэж нисэхээр чи зөвхөн босоогоороо ниснэ гэсэн үг. Хөдөлгөөн нь яг skate унаж байгаа юм шиг. Нэг хөлөө чи хэчнээн хүчтэй бас хурдан савна төдий чинээ агаарт, тэнгэрт гулгана. Энэ гэхдээ нисэж байгаа мэдрэмжтэй яг адилхан байсан.

From giphy.com

Нисэж буй үеийн тэнгэрийн зураглал нар жаргах үеийн мэт. Дулаахан бас шаргал. Зүүд өнгөгүй л гэдэг би өнгөтэйгээр санаад байдаг… Агаарт хачирхалтай нь хэд хэдэн ачааны том машин харагдаж намайг сандаргаад авсан. Яг л цаг тулсан ажилд чи бэлтгэлгүй байгаа үед тэвддэг шиг. Гэвч тэр үед жолоогоо алдалгүй, маш чадварлаг бултаж эгзэгтэй мөчид агаарт мөргөлдөхгүй үргэлжлүүлэн ниссээр байв. Тэгэхдээ тэр район буюу хот газраа л эргэлдээд байлаа. Тэгж тэгж нэг юм буухаар боллоо. Газар луу өнгийж эхлэв. Өвөл ч юм шиг, хавар юм шиг цастай эсвэл цайрсан зам шиг гудамж, бас хүмүүс. Тийм ч өнгөлөг биш, завсрын өнгө ихтэй. Евопын хөгшин хот болтой. Гэнэт ард хүн байгааг мэдэрлээ. Учир нь намайг буух мөчид араас гэнэт “Тэр залууг хардаа, ямар cool юм бэ, надад таалагдаж байна” гэж хэлж байна. Тэр soul миний эмэгтэй дүү байж таарсан. Намайг тэнгэрээс буух үед өнөө хэсэг залуус алмайран, дуу алдан гайхан хана гараараа түшин, дайвалзан, өөдөөс ширтсээр байлаа. Яг л харь гарагийн биет өөр лүү нь чиглээд газардаж буй мэт.

Өглөө босох би… Зүүд минь үргэлжилсэн бол би яах байсан бол? Манай дүүгийн күүл гэж дуу алдсан залуугийн стил имижийг хадгалаад авсан байна аа. Буржгар үстэй туранхай шар залуу. Өндөр, ёнхигор биетэй. Гэхдээ тун донжтой хувцасласан. Хар пальтотой урт, улаан хүрэн ноосондуу поло цамцтай, тэгээд мэдээж жийнс, кет.

Нисдэг зүүд маш олон зүйлийг илтгэдэг. Гэхдээ надад бол шинэ боломжийг зөгнөдөг. Нисэээд л байвал би соронз мэт боломжийг өөртөө татна гэсэн үг. Боломжийг харах нүдтэй, сониуч бас нээлттэй байснаар чи шинэ зүйлийн хаалгыг өөрөө онгойлгочихдог. Өмнөх 10 жилд би маш их зүлийг бүтээсэн, босгосон, хуримтлуулсан (зөвхөн мөнгө биш!). Одоо дараагийн 10 жилээ тэнгэрээс бүргэд мэт бүгдийг томоор харж, бодолтой, ухаантай хөдөлж, амжилтад хүрэхийг зөгнөжээ гэж би тайлсан.

From keen.com

Өөр зөгнөлүүд доор бичье.

-Нисдэг мөрөөдөл нь таны эзэмшдэг хувийн эрх чөлөө, хяналт, ухамсаргүй чадваруудтай холбоотой метафорик байдаг. Эдгээр далд авъяас чадвар танд одоо танигдаж, нисэх нь ирээдүйд танд ямар боломж байгааг харах боломжийг олгож байна.

-Эрх чөлөөнд нэг алхам ойртсон тул айдсаа даван туулахад ойрхон байна гэсэн санааг өгдөг.

-Эсвэл өнгөрсөн хугацаанд тэвчиж байсан айдас чинь чамд хүчгүй болж, боломжийн хаалгыг онгойлгох түлхүүрийг олох болно.

Товчоор хэлбэл: Шинэ боломжууд
Сүнсэн биеийн өсөлт, хөгжил
Айдас түгшүүртэй тулгарах
Ирээдүйн боломж
Далд авьяас чадвараа илэрхийлэх
Бүтээлч тэсрэлт
Шинэ харилцаа

За анх удаа зүүдээ зураглал болгон бичиэ үзлээ. Уншсан хүн байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Амьдрал, зүүдний ертөнц огтлолцсон олон түүх бий. Сонирхож байгаа хүн байвал бичнэ ээ. Коммент үлдээгээрэй.

--

--

Undrakh Roselle

Business Strategist | Digital Marketing Consultant | PR Consultant | Idea Maker | MA in International Business Management